Хоол идэж суухад өлссөн хүн харах шиг
Ходоодных нь шүлс ялгарч өлөн шүлсээ залгих шиг
Хэн ч хараагүй чамайг харахсан гэж бодоод л
Хамгийг халиагч чамайг харж байгаад итгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Зүрх амаар гарах гээд зүр зүр савлах шиг
Зүүд, зөндөө тарчилж, зовж өглөө болох шиг
Хэн нэгний бодож олсон хоосон дүрийг чинь шүтээд л
Хэрэггүй, танихгүй бурхныг хэдэн жилээр ч хүлээгээд л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Нүднийхээ хорыг гаргаж ч чадахгүй ажиллах шиг
Нэг мөсөн унтаад хамаг ядаргаа арилах шиг
Оршин суух хаяггүй чам руу очно гэж мөрөөдөөд л
Одоо ирж аваад диваажинд хүргэнэ гэж горьдоод л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...
Тэвдэж сандарч явахад танихгүй хүн туслах шиг
Тус болсонд нь баярлаад ач санаж үлдэх шиг
Хамаг хайраа надад зориул гэж уурлаад л
Хаяж чамайг тамд тарчилгана гэж айлгаад л
Үхдэггүй, үрждэггүй сайхан хүүр ээ чи...