2009-12-17
Л.Нямаа: Түүхэнд сургамж гэж байхаас алдаа байдаггүй

 

Л.Нямаа: Түүхэнд сургамж гэж байхаас алдаа байдаггүй

2007.05.14 Утга зохиол урлаг  

Яруу найрагч Ломбын Нямаа 1945 онд Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг Хөмөлийн голд төржээ. 1965 онд дунд сургууль төгсөж, 1970 онд МУИС-ийг Хэл уран зохиолын багш мэргэжлээр дүүргэжээ. 2005 он хүртэл 35 жил Хэнтий аймгийн боловсролын салбарт ажиллажээ. 2006 оноос “Чингис СооСэ” дээд сургуульд Чингис судлалын багшаар ажиллаж буй.

Төв Азийн өндөрлөг бол сансраас ирэх энергийн төвлөрөл

-Би тантай эх орон, хүн, яруу найргийн оршихуйн тухай ярилцъя гэж бодлоо. Ярилцлагаа эх орны тухай яриагаар эхлэх үү?
-Эх орон гэдэг бол энэ ертөнц дээр хүн болж төрсний хамгийн үнэтэй ойлголт. Хүн төрөхдөө агуу их газрын бөмбөрцөг дээр тодорхой орон зайд, тодорхой нэг цэгийг олж төрдөг. Монголчууд Төв Азийн өндөрлөгт төрсөн. Энэ өндөрлөг бол сансраас ирэх энергийн урсгалын төвлөрөл билээ. “XIII зууны үед Монголчууд мандан бадарсан нь сансраас ирэх энергийн урсгалын нөлөө бөгөөд тэр үед хийморлог хүмүүс ихээр төрсөн” хэмээн Лев Гумилев нэгэнтээ хэлсэн буй.
-Өнөөдөр Монголчууд төдийгүй дэлхий даяар эзэн Чингисийг бишрэн шүтэж, магтан дуулж байна. Хичнээн зуунаар дуурсагдсан их хааны нууц таны бодлоор?
-Хүн төрөлхтөн Чингис хааныг яагаад дурсах болов гэвээс нэгд, XXI зуунд хүн төрөлхтөнд тулгарч байгаа асуудлыг 800 жилийн өмнө шийдсэн.
Хоёрт, шашинд тэгш хандах, хүнийг дээр дор гэж ялгахгүй үзлийг бий болгосон. Гурав, эрдэм боловсролтой хүнийг эрхэмлэж. улс орны хөгжлийн үндэс гэж үзсэн. Дөрөвт, хэрвээ газар дээр олон орон орших бол бие биеэ хүндэтгэх ёстой хэмээсэн. Нэг үе Чингис хааны түүхийг зөв ойлгох боломж бидэнд төдийгүй хөрш орнуудад байгаагүй. XXI зууны түвшинд Монголын эзэнт гүрний түүх, Чингисийг хүндэтгэж байгаа нь хүн төрөлхтний түүхэнд хамгийн том байр суурь эзэлж байна. Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дэлхийн бүх орны нийгэм төрийн зүтгэлтнүүдийг Монгол болон Чингисийн тухай сэтгэгдлээ ирүүлэхийг уриалсан. Энэ саналаар ирсэн сэтгэгдлээр “Их Монгол улс” ном гарсан нь үнэлшгүй том бүтээл болсон. Үүнээс үзэхэд дэлхий даяар их хааны агуу ухаан, гайхамшигт хүч чадлыг хүлээн зөвшөөрсөн.
-Чингис хаан дэлхийн талыг эзлэхдээ өөрийн хүмүүсээсээ орхидог байсан гэдэг. Тэгвэл өнөөдөр монголоос өөр уудам газар нутагтай улс баймааргүйсэн?
-Түүхэнд алдаа гэж байдаггүй. Харин сургамж гэж агуу юм бий. Монголын түүх бол бүхэлдээ бүтээн байгуулалт. Дэлхийн том том улс гүрнүүдийг их хаадууд маань нэгтгэн нийлүүлчихээд түүндээ эзэн сууж чадаагүй. Тухайлбал Хятадыг нэгтгэсэн их Хубилай хаан Хятадыг нэгтгэн нэгдмэл Юань гүрнийг байгууллаа. Энэ бол дэлхийн том импери билээ. Нэгдмэл улс болгохдоо эхлээд хойд Хятадыг эзлэж дараа нь өмнөд Сүн улсыг нэгтгэн Бээжинд нийслэлээ аваачсан. Батхаан жижйг вант улсуудыг нийлүүлж Оросыг нэгтгэн Алтан ордны улсыг байгуулсан. Доголон Төмөр хаан Делид Энэтхэгийг нэгтгэсэн. “Таж Махал”-ыг Чингисийн удмын хаан хатандаа зориулж босгосон гэдэг. Харийн оронд монголчууд агуу ихийг бүтээчихээд өөрсдөө алга болчихдог. Энэ бол сонин логик. Тэгсэн мөртлөө өөрсдөө хоорондоо атаа хорсол, эрх ямбаны төлөө зөрчилтэй байсан. Төрийн шагналт зохиолч Д.Батбаярын “Мементо-бүтээхүй романд “Монголын нууц товчоо” бол өс хонзонгийн түүх, монголчуудын түүх бол мөн адил өс хонзонгийн түүх юм” гэж хэлсэн байдаг.

Эхийн хайр дутсан хүн бие бялдар,оюун санаа, сэтгэлийн хувьд тахир дутуу болдог

-Настангууд заримдаа “Хүнээ алдсан амьтан” гэх нь бий. Тэгвэл хүн болохын тулд яах вэ?
-Хүн бол хайрлах, хонзогнох инстинк /төрөлх чанар/-тэй амьтан юм. Хүн төрөлхтний уналт дандаа өс хонзонгоос үүсдэг. Чингиз Айтматовын “Цаазын тавцан” романд үр зулзгаа булаалгасан чоно дараа нь хүүхдийг нь аваад явчихдаг. Тэгэхээр чоно, хүн хоёрт өс авах инстинк байдаг. Чононд бас хайрлах инстинк бий. Чоно хүнээс илүү хайрласан нэг баримт хэлье. Завхан аймгийн Галуутын хүрээний лам Даваасамбуу гэдэг хүн 1937 оны хядлагын үед аглаг уулын агуйд амь хоргодож байжээ. Олон cap болсны дараа идэх хоол унд нь дуусаад хэцүү байдалд орсон гэнэ. Түүнийг агуйгаас гарахад нэг том цагаан гичий чоно хоёр залуу чонотой хажууд нь сууж байгаад агуй руу ороход нь яваад өгдөг байжээ. Нэг өдөр агуйн дэргэд сүр сархийх чимээ гарахаар нь харсан чинь гичий чоно хонины хаа, гуя хаячихаад явж байна гэнэ. Үүнээс хойш өлсөхийн зовлонг мэдээгүй гэдэг. Чоно ингэж хайрлаж байхад хүн хүнээ хайрлах тухай ярьж болно доо.
-Хүн хайраар ивээгдэж амьдардаг болохоор энэ талаар яриач?
-Хүн оршихуйн үндэс АНУ-ын сэтгэл зүйч социологич Сорокон гэдэг эрдэмтэн “Бодь хайрын нуугдмал хүч” бүтээлдээ хэлсэн гайхамшигтай санаа нь “Эхийн санаа бол үр хүүхэддээ бие бялдар, оюун санаа, сэтгэлийн хувьд тэжээн тэтгэх амин дэм юм” гэсэн байдаг. Тэгэхээр эхийн хайр гэдэг тийм их хүч чадалтай юм бол энэ хайр дутсан хүн бие бялдар, оюун санаа, сэтгэлийн хувьд тахир дутуу болдог. Манайх ээж төвтэй хүмүүжлийн системтэй орон. Хүүхдийн хүмүүжил, бүх үйл хэрэг бол эхтэй холбоотой. Монголын нийгэм, монголын ирээдүйг эрүүл саруул болгоё гэвэл эхчүүд, эмэгтэйчүүдийн боловсрол хүмүүжилд анхаарах ёстой. Тэдний оюун санаа, сэтгэл зүрх, бие бялдар бохирдвол Монголын оюун санаа бохирдож орших, эс орших гэсэн асуудал бидэнд тулгарна.
-Улс орноо дэлхийн хөгжлийн тэргүүлэх зэрэгт хүргэе гэвэл таныхаар нэн түрүүнд юу хийх хэрэгтэй бол?
-Хамгийн эхний асуудал бол бие биеэ хайрлах, хамгаалах, өршөөх, хүндэтгэх үзэл санаа. Чингис хаан “Би ард түмнээ алган дээрээ өргөж байгаа нялх хүүхэд шигээ хайрладаг” гэж хэлсэн түүхэн баримт бий. Энэ үгийг Монголын төр засгийн бүх шатны удирдлагууд үзэл санааны үнэт зүйл болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ёстой. Монголын төр засаг ард түмэндээ хойд эцгийн сэтгэлээр хүйтэн ханддаг баримт түмийг хэлж болно.
-Та тэгвэл нэг баримт хэлээч?
-Хадгаламж зээлийн хоршооноос болж хичнээн олон хүн амь нас, эд хөрөнгөөрөө хохирч байхад төрийн өндөр албан тушаалтнууд чихэндээ тугалга цутгуулсан юм шиг чимээгүй байна. Монголчууд мэддэггүй, ухаардаггүй нэг ухаарал хэлье. Чингис хаан хэрвээ буруу шийдвэр гаргавал шадар туслах болон ард түмнийхээ хүсэлтээр мэдсэн өдрөө засаж залруулж “Толгой нь буруутай байхад нурууг нь зоддог” гэсэн ухаанаар тайлбарладаг байсан. Төрийн бодлого буруу гарсан бол түүнийгээ засах хурд монголын төрд алга. Засах хурд гарахгүй бол ард түмэн хохирно. Ард түмнийхээ дуу хоолойг сонсож, алдаа оноогоо ил тод шүүн хэлэлцвэл маш том хайр энэрэл болно гэдгийг ухаарахгүй байна.

Нийгмийн эмзэглэл яруу найрагчийн зүрхийг дайрч өнгөрдөг

-Яруу найраг таны зүрх, тархинд юу үгүүлдэг вэ?
-Яруу найраг бол хөгждөг шимтэй хөрс юм. Тэр нь бүтээн туурвихын эрх чөлөө. Хаана уран бүтээлчид эрх чөлөөтэй байна. Тэнд жинхэнэ уран бүтээл хөгжиж байдаг.
-Монголын яруу найргийн хөгжлийн туулсан замнал ямар байв?
-Манай яруу найраг маш эртний уламжлалтай бөгөөд хөгжлийнхөө замд хүнд бэрхийг туулсан. “Хүнд бэрх” гэдэг нь уран бүтээлчдийн эрх чөлөө хязгаарлагдмал байсан үеүд. Энд Р.Чойномын үеийг дурдаж болох юм.
-Зохиолчдын бүтээл тэр үеийнхээ нийгмийн тусгал байдаг гэдэг дээ…
-Тэр үнэн. Нийгмийн эмзэглэл хүнд хэцүү бүхэн найрагчийн зүрхийг дайрч өнгөрдөг. 1917 оны октябрь сарын хувьсгал оросын яруу найрагчдын зүрхийг дайрч өнгөрөхдөө олон шинэ зүйл авчирсан. Түүний тод жишээ бол “Мөнгөн зуун” гэж нэрлэгддэг агуу яруу найрагчид төрөн гарсан. А.Ахматова, М.Цветаева, Б.Пастернак, Г.Иванов гэх зэргийг дурсаж болох юм. Монголын яруу найргийн хөгжилд 1990 оны хувьсгал 16-тай балчраас эхлээд өтөл буурал найрагчийн зүрхэнд хүртэл мэдрэгдэж эхэлсэн.
-Сүүлийн үед яруу найргийн өнгө аяс, мөн чанар өөрчлөгдөж байна. Энэ тухайд…?
-Монголын яруу найрагт жинхэнэ яруу найраг гарахаасаа илүү найргийн тэнгэрлэг хөрсөн дээр хог өвс их ургаж байна. Хүмүүс бичсэн болгоноо ном болгож, түүнийгээ яруу найраг гэж ойлгож, ард түмний оюун санааг ариусгахаасаа хордуулах нь. элбэг болж. Яруу найргийн хөрсөн дээр ургаж байгаа сарнай, вансэмбэрүү, хог өвс аль нь вэ гэдгийг шүүмжлэгч, судлаачид ялгаж өгөх хэрэгтэй. Ялгаж өгөхгүй бол ард түмэн хог өвс хараад сарнай, сарнайг хараад шарилж гэж ойлгох нь газар авч байна. Үүнээс үүдэн шинэ яруу найраг /уран зохиол/-т шинэ судлаач хэрэгтэй болжээ. XXI зуунд хүн төрөлхтний оюун санааг яаж аврах вэ гэдэг дэлхий нийтээр тулгамдсан асуудал болоод байна. Яагаад гэвэл капитал буюу мөнгөний нийгэм дэлхийг эрхшээсэн. Мөнгөний сэтгэлгээнд эзлэгдсэн нийгэм нь оюун санаа, сэтгэл зүрхээрээ хоосордог. Тиймээс ЮНЕСКО хүн төрөлхтний оюун санааг авран хамгаалахын тулд 1999 оны 10, 11-р саруудад Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-гийн 30-р чуулганаар жил бүрийн гурван сарын 21-нийг дэлхийн яруу найрагчдын өдөр болгох шийдвэр гаргасан. Энэ хугацаанд Монголын төр засаг ЮНЕСКО-гоос мөнгө гуйхдаа гараа тосож очдог хэрнээ дээрх шийдвэрийг хэрэгжүүлэх талаар юу ч хийгээгүй. Би хувьдаа Монголын төр засгийг оюуны хомсдолтой гэж ойлгодог.
-Таныхаар дэлхийн яруу найрагчдын өдрийг хэрхэн тэмдэглэвэл зохилтой вэ?
-Эл өдөр Монголын хөх тэнгэрт яруу найраг долгилж, найрагчид эзэн хаан мэт байж ард түмэндээ шүлэгээ уншиж, баярлуулж, догдлуулж байх учиртай. Энд БСШУЯам, ЮНЕСКО-гийн Үндэсний комисс зэрэг газрууд эл өдөр юу хийхээ мэдэхгүй бол ард түмнээсээ асуу, мэдэж байгаа бол ажлаа зохио гэж хэлмээр байна. “Бүх нийтэд яруу найргийн боловсрол олгох шаардлагатай” гэж Парисийн тунхагт заасан байдаг.
-Яруу найргийн боловсролыг сурагчдад олгож болох уу?
-Бололгүй яахав. Ингэхийн тулд, дунд сургуульд үзэх уран зохиолын хичээлийн хөтөлбөрийг үндсээр нь өөрчлөх, 1900-ээд оны эхнээс 2006 он хүртэл 100 орчим зохиолч, яруу найрагч Нобелийн шагнал хүртсэн байдаг. Гэтэл Монголын хүүхдүүд тэр зуун хүнээс дөнгөж Р.Таагүр, М.Шолохов, П.Неруда, Э.Хэмингуэй гэсэн дөрвөн хүний бүтээлийг л мэддэг. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Маш гайхамшигтай бүтээлүүдийг орчуулж, хөтөлбөрт оруулах ёстой. Монгол улсын Төрийн соёрхлыг маш олон зохиолч хүртсэн. Тухайлбал Д.Батбаярын сонирхолтой бүтээлүүдээс түлхүү оруулж өгөх хэрэгтэй. Яруу найргийг сурталчлах, мөн төгөлдөржүүлэх нь чухал. Ингэхийн тулд сайн орчуулагч хэрэгтэй. Яруу найргийн хөгжлийг сайн орчуулагч тодорхойлдог. Үндэсний яруу найргийг хөгжүүлье гэвэл дэлхийн алдартай бүтээлийг орчуулж, олны хүртээл болгохыг төрийн бодлогод тусгах нь зүйтэй. Дэлхийн бүх яруу найрагчдын бүтээлийг орчуулж чадахгүйгээс хойш хэний ямар бүтээлийг орчуулах вэ гэдэг нь хамгийн гол зүйл. Монголоос Нобелийн шагнал авах бүтээл гаргах талаар ярьдаггүй. Энэ бол хамгийн том асуудал.
-Монголд Нобелийн шагналд боломжтой зохиолч бий юу?
-Байлгүй яахав Б.Лхагвасүрэн, Д.Батбаяр гэхчилэн бий.
-Та яруу найрагт юуг баримталдаг вэ?
-Жинхэнэ яруу найраг 10 мянган шүлэг бичээд 100-г нь хэвлүүлдэг гэсэн зарчмыг баримталдаг. Яруу найрагч хүн найргийн хойч үедээ их анхаардаг байх ёстой.
-Анхны багшаа дурсвал…
-Миний багш М.Цэдэндорж байлаа. Багш шиг минь олон шавь төрүүлсэн хүн Монголд байхгүй. Гэхдээ багш маань бидэнд хатуу шаардлага тавьдаг. Цэдэндоржийн шавь нар бага залуугаасаа дэлхийн утга зохиолын амт шимтийг мэдэрдэг байсан. Энэ нь тухайн яруу найргийн өсөлт хөгжилтийг тодорхойлдог.
-Та өмнө нь шавь байлаа. Харин одоо олон шавь төрүүлсэн багш болжээ. Шавь нарынхаа тухай яриач?
-Яруу найрагт шавь төрүүлнэ гэдэг бол шинэ тив нээх шиг хэцүү… Шавьтай байхын бахархлыг миний багш сургасан. Хэнтий аймагтаа арван таван жил багшилж, 20 жил Боловсрол соёлын төвд ажилласан. Намайг 30 гаруй нэр бүхий яруу найрагчид намайг багшаа хэмээн хүндэтгэдэг.
-Та “Мянгад нэг шүлэг” гэсэн зарчимтай болохоор ном ховор гаргах юм. Анхны номоо хэзээ гаргасан бэ?
-1983 онд “Миний зуун” хэмээх номоо гаргасан. Одоо “Миний амьдардаг ертөнц” яруу найргийн номоо “Хуучин шүлэг”, “Шинэ шүлэг” гэсэн хоёр бүлэгтэй гаргах гэж байна.
-”Хуучин шүлэг” бүлэгтээ “Миний зуун” номынхоо шүлгээс оруулах уу?
-Тэгнэ ээ. XX зуунд бичсэн шүлгээ “Хуучин шүлэг” гэж нэрлэсэн. Гэхдээ сонгож оруулна.
-Та “М.Башёгрос Б.Явуухулан хүртэл” гэсэн хайкуны ном гаргах гэж байгаа гэлүү? Хайкуны талаар сонирхуулаач…
-Хүн төрөлхтний яруу найргийн том соёл, үнэт зүйл бол хайку юм. Анх Японы М.Башё/1644-1694 он/ Хайкугийн сургууль байгуулж байсан.
Р.Таагүр Японд очихдоо бүр хэрэг болгон хайку-г уншиж танилцаж байжээ. М.Башёгийн алдартай нэг хайкуг хэлье. “Хуучин цөөрөм рүү Мэлхий үсрэхэд Ус дуу алдана” / Өвөрмонголын яруу найрагч Р.Сэцэнцогтын орчуулга/ 1964 онд Дорнын их яруу найрагч Б.Явуухулан Японы хайку ямар онцлогтой төрөл болох тухай үгүүлэл бичээд хайкуг орчуулж “Цог” сэтгүүлд гаргасан. Тэгж монголчууд японы хайкутай танилцаж билээ. Б.Явуухулан хамгийн анх “Дөрвөн улирлын хайку” бичсэн. Үүнээс улбаалан “М.Башёгоос Б.Явуухулан хүртэл” хэмээх яруу найргийн ном гаргахаар бэлтгээд бараг дуусч байна.
Нойрон дунд
Үхэл тэнүүчилнэ
Сэрэх л юмсан.

Харанхуй дунд
Гэрэл гасална
Би хаана явна вэ…

Миний судсаар
Мөнгөн усны хор гүйж эхлэхэд
Монголоо би хайрлаж энхрийлнэ

Ярилцсан Ч.Болортуяа / МУБИС/

Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax